Энэхүү блог нь: Нийгэмд болж буй бүхий л зүйлийг бяцхан сэтгүүлчийн нүдээр харж тунгаан бичиж уншигч та бүхэнд хуваалцах болноо.

Tuesday, April 28, 2015

Нэргүй найз

Би түүнтэй яаж танилцаж байснаа огтоосоо санадаггүй юм. Нэг мэдэхэд найзласан байсан... Тэр надаас үл ялиг намхан. Би бага насны дурсамжаа тэр болгон санадаггүй. Заримдаа хүмүүс намайг чи тэгдэг байсан ингэдэг байсан гэхээр тэр хүмүүс худлаа ч яриад байгаа юм шиг санагддаг. Харин энэ хүнтэй хамт өнгөрөөсөн бүхэн нэг их мартагдаад байдаггүй нь хачирхалтай.
Анх нэгдүгээр ангид ороход би тэр охинтой нэг ширээнд суусан. Ер нь бол тэгээд найзласан байх аа. Нэг өдөр бид хоёр хичээлдээ ирээд ширээндээ суусан чинь яаг адилхан загварын цамц өмсөөд ирсэн байлаа. Жаахан хүүхдүүд байж тэрүүхэн тэндээ ичээд бөөн л сүржин болсон лдоо. Ангийн хүүхдүүд чинь ихэр хоёр муур шиг гэж шоолоод л. Би муур гэдэг тийм инээдтэй үгэнд тэгэж их эмзэглээд хариугүй уйлахын даваан дээр байтал нөгөө охин маань “яадийн бээ бид сиаман ихрүүд байна гээд намайг тэврээд авч билээ. Тэгээд удалгүй нөгөө цамцаа хоёулаа өмсөөд ирэхээр учиргүй их баярлаж гараа барби байна гэж төсөөлж, дэргэвэр ханцуйг нь палааж гэж бодоод мөн ч их тоглосон доо. Тийм гүнзгий дотно дулаахан сэтгэгдэл төрүүлж чадсан болохоор би түүнийг одоо ч гэсэн найзаа л гэнэ.Тэрний зан араншинг ямар вэ гэдгийг бүгдийг нь мэддэг хэрнээ би зүгээр л түүнийг хайрладаг байсан. Хэн ч хамаагүй дуртай, дургүй хүн нь ч бай хажууд нь хачин юм ярьж байсан ч инээдэг тэр охин. Тэгсэн мөртлөө дотроо ярвайдаг. Надад болохоор тэрэнд нь дургүй тэр нь ийм тийм гэж өчнөөн гоочилж ярьдаг хэрнээ төд удалгүй тэр хүмүүстэйгээ үй зайгүй найз болчихно. Би тэр зангаас нь болоод одоо тйим зантай хүмүүст үнэхээр дургүй. Би нэг дуртай хүнээ яаж ч байсан хайрлаж чадахаар, нэг дургүй бол ясны дургүй болдог тийм хүн. Нэг тийм зэвүүн зан мөртлөө наанадаж улааныг харж урвахгүй шарыг харж шарвахгүй харин ч аятайхан араншин юм шиг. Тэр охин ийм зантай болох үндэс суурь болсон гэхэд хилсдэхгүй ээ.
Багадаа би юм л болвол усан нүдлээд суучихдаг охин байлаа. Өөрөө ч тэрийгээ сайн мэддэггүй. Одоо бодоход яагаад юу ч болоогүй байхад уйлаад байдаг байсан болоо гэж боддог шүү. Нэг өдөр ангийнхаа охины утсыг оролдож байгаад намайг юу гэж хадгалсаныг олоод харчихлаа. Намайг “уйланхай” гэсэн байв. Юу вээ би тэгэхэд 9-р дүгээр ангийн сурагч. Гэнэт хаанаас ч юм  намайг өмөөрдөг найз минь гарч ирснээ өнөөх охинд: чи ингэж хүн доромжлох явахаар гээд загнаж гарлаа. Завсраар ч бас намайг юу ч болоогүй байхад уйлаад байдаг аа боль. Энэ хүүхэд хэлээгүй бол би уйланхай гэх байлаа гэж билээ. Тэгэж их ичсэндээ болоод тэр үү 2-р дамжааны оюутан миний бие хир барагтаа уйлдаггүй.

Ер нь бол Золцэцэг гэдэг хүн хэдэн жилийн өмнө өөрийн гэсэн бодолгүй хажуудах нь юу ярина түүнийг дагадаг, бодож санаж байгаагаа илэрхийлж чадахгүй хүний амыг дагуулаад дуугарчихдаг тийм хүн байлаа. Харин одоо тийм биш. Бас л энэ найзынхаа ачаар. Хэтэрхий дуугай өөрийн гэсэн үзэл бодолгүй морь унасан толгойгүй хүн байсан болохоор энэ хүүхэд намайг жаахан дээрэлхдэг байжээ. Би барагтаа юм ярихгүй болохоор тэр хамаг юм яриад надад тэр яриа нь буруу санагдаж байлаа ч би дуугай л байдаг байсан. Тэгэж миний өмнүүр орж ярьдаг болохоор энэ хүн үнэхээр мундаг л юм байна гэж боддог байсан. Ниргэсэн хойноо хашгирна гэхчээр би гомдсоныхоо дараа нь мэдсэн. Хүмүүсийг ярьдаг байсан шигээ “Гаднаа инээж дотроо ярвайж” намайг тэгэж муухайгаар ярина гэж хэн санах билээ. Үүний буянаар л би өөрийгөө юу бодож байгаагаа, хүнийг юу гэж санаж явдгаа илэн далангүй буруу зөрүү үг нэмэлгүйгээр дурчигнатал хэлчихдэг болсоон. Тэр өдөр бид хоёр адилхан цамц өмсөөгүй бол, тэр өдөр бид хоёрыг ангийнхан шоолоогүй бол, тэр өдөр намайг тэр охин өмөөрөөгүй бол би яг ямар хүн болох байсан бол. Яг л хэдэн жилийн өмнөх шигээ Золцэцэг байх байсан биз ээ. Хясаа сувдаа олон жил нууж хадгалаж байж нээдэг шиг. Тэр охин миний хясаа байсан....

No comments:

Post a Comment